Search This Blog

Saturday, November 26, 2011

Шүдэнз худалдагч охин

Цас будран байсан тэр нэгэн шинэ жилийн өмнөх өдрийн тэсгэм хүйтнийг хэлэх үү. Ийм өвлийн хүйтэн үдэш хөл, толгой нүцгэн бяцхан охин гудамжаар гэлдрэн алхана. Үнэндээ гэрээсээ гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон тэр хуучин гутал нь хөөрхий охинд тус болж чадсангүйТэр гутлыг өмнө нь охины ээж өмсч байсан гэж бодохоор ямар том, томдсон гутал байсан нь тодорхой юм. Хурдтай давхин явсан хоёр сүйх тэргэнд хэрэндээ дайруулчихгүй юмсан гэж бодон зам хөндлөн гүйж гарах үед нь өнөө муу гутал нь хөлнөөс нь сугаран унагачихжээ.
Гутлынхаа өрөөсөнг эрээд хайгаад олсонгүй.  Нөгөө өрөөснийг нь танихгүй хүүхэд булааж аваад алга болжээ.  Хөөрхий охины хоёр хөл нь даарсандаа хөхийж мэнчийгээд, улаан юм болжээ.  Хуучирсан хормогчны халаасанд нь хэдэн хайрцаг чүдэнз байх бөгөөд нэгийг гартаа барин бүх л өдөржин зарах гэж явсан боловч ганц ч хайрцаг чүдэнз зарсангүй, даан ч гаслантай ажээ.  Мөрөө шүргэм намирсан сайхан шаргал үсийг нь цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийгээ сайхан гэж яахин мэдэх билээ. Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ.  Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ.  Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ.  Тэнд хөлөө атиран суулаа.  Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал аав маань намайг зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.
Гар нь б
үр бээрч орхижээ. Өчүүхэн чүдэнзний цог гарыг нь бүлээцүүлж яаж чадах вэ. Юу ч гэсэн чүдэнз зурж, гараа дулаацуулья гэж зоригложээ.  Нэг ширхэг чүдэнз зүрх гарган аваад зурвал дүрсхийн асаад тун ч таатай байв. Чүдэнз жижигхэн лаа мэт гэрэл гарган асч, охин гараа ээн байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим чавгаар алаглуулан дүүргэсэн таваг харагдав.  Гэнэт бүр ч гайхалтай юм боллоо.  Өнөөх галуу нуруу руугаа шаасан хутга сэрээтэйгээ босч, ухасхийн шалан дээгүүр гуйван дайван гүйв. Галууг ядуу охин руу ирж явтал гай болж чүдэнз унтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүйтэн зэгэл хана бахь байдгаараа байж байлаа.
Охин дахин нэг чүдэнз зурав. Тэгтэл Христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнт сайхан чимэг гялалзуулсан сүлд модны өмнө сууж байлаа.  Түүний чимэг нь тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимэглэлээс илүү сүртэй, сайхан, үзэмжтэй байлаа.  Гацуурын ногоон мөчир дээр мянга мянган гэрэл ярайн, дэлгүүрийн үзмэрийг чимэн байдаг өнгө өнгийн зураг, чимэглэл охины өөдөөс ширтэв. Нэг бяцхан жаал хүрч ирээд гараас нь барьж автал чүдэнз унтрах нь тэр. Гэрэл нь улам улам дээшээ болсоор гэнэт тодхон галалзах од болон хувираад одны нэг гэрэлт мөр үлдээн, тэнгэрт харвав. Нас бараад тийм их удаагүй энэ орчлон дээр охиныг бусдаас хайрлаж байсан эмэг эх нь од , харвахад “Од харвахад нэг хүн бурхан болдог” гэж хэлсэн болохоор “Хэн нэгэн үхлээ дээ” гэж бодов.  Охин дахин нэг чүдэнз хананд зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлэх гэрэл гэгээний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй, энэрэнгүй бөгөөд энхрий хайртай эмэг эх нь гарч ирэв. Охин тэр даруй, “Эмэг эх минь намайгаа аваач дээ. Намайгаа аваач. Чүдэнз унтрах л юм бол түрүүний халуун пийшин шиг, түрүүний амттай сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхарна шүү дээ. Намайгаа бушуухан аваач” гэж хашгирав.
Эмэг эхийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн чүдэнзээ хурдан хурдан зурсаар байлаа. Чүдэнз дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг эх нь хэзээ ч ийм сүртэй сайхан байгаагүй байжээ. Охиныг гэрэл гэгээ, баяр баясгалангаар гийгүүлэн, гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадаггүй, хүйтэн болдоггүй, айх аюулгүй оронд хүрэх нь тэр…
Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны нар ч
үдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ. Тэрээр бараг бүтэн хайрцаг чүдэнз зурсан байв.Хүмүүс “Хөөрхий дулаацах л гэж дээ гэлцэнэ.  Гэвч ямар гайхамшигтай юм үзсэнийг, ямар сайхан ертөнцөд эмэг эхтэйгээ хамт шинэ оныг угтсаныг нь хэн ч мэдсэнгүй.

Ханс Кристиан Андерсон “Шүдэнз худалдагч охин”

No comments:

Post a Comment